• Share : 1
  • Уншсан : 1449
  • 11 сарын 28

Мөнгө зээлэхийн өмнө

Бодож үзэх шаардлагатай зүйлс

Зээл авч юм худалдаж авахаасаа өмнө дараах зүйлсийг бодож үзэх хэрэгтэй. Үүнд:

  • Таны худалдаж авахаар төлөвлөж буй зүйл танд үнэхээр хэрэгтэй юү?
  • Та тухайн зүйлийг хэрэгцээтэй, эсвэл, хүссэн учраас худалдан авах гэж байна уу?

 

Энэ талаарх зөвлөгөөг эндээс [Хэрэгцээ ба хүсэл] олж уншаарай.

 

  • Тухайн зүйл танд үнэхээр хэрэгтэй бол:
  1. Хаа нэгтэйгээс хямдхан авах боломж байна уу? Жишээлбэл, арай хямд үнэтэйг олж авах, шинийг биш хэрэглэснийг авах, эсвэл, харьцуулж байгаад хамгийн хямд үнэтэйг нь авах.

 

Зардлаа хэрхэн хэмнэх талаар бидний зөвлөгөөг эндээс [Зардлаа хэмнэх нь] уншаарай.

 

  1. Зээл авалгүйгээр худалдан авах өөр арга байна уу? Жишээлбэл, мөнгөө цуглуулж байгаад тодорхой хугацааны дараа мөнгөтэй болохоороо авч болох уу?

Тогтмол мөнгө хадгалах нь таны хадгаламжийг хэрхэн өсгөдөг талаарх зөвлөгөөг эндээс [Ирээдүйд зориулж мөнгө хадгалах гэсэн хэсгийн холбогдох хэсэг] уншаарай.

 

  • Зээл авахаас өөр аргагүй бол бага хүүтэй мөнгө зээлэх боломж байна уу?

Өөрт тохирсон зээлийг сонгох тухай зөвлөгөөг эндээс [Өөрт тохирсон зээлийг сонгох нь] уншина уу.

Та авсан зээлээ эргүүлээд хүүний  хамт төлөх чадвартай юу?

ЗӨВЛӨГӨӨ

Хэрвээ та сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийдэг бол их хэмжээний худалдан авалт

“Сайн” ба “муу” зээл

 “Сайн” зээл гэдэг нь та уг мөнгийг ашиглан богино хугацаанд мөнгө олж чадах, ирээдүйд тогтвортой хугацаанд мөнгө олох чадвараа сайжруулах, орон сууц гэх мэт чухал зүйлсийг худалдаж авах боломжийг бүрдүүлж буй зээлийг хэлнэ. Жишээлбэл, ажилдаа очиход шаардлагатай машин худалдаж авах, хожим өндөр цалинтай ажилд ороход шаардагдах боловсролыг эзэмших, амьдран суух орон сууц худалдан авах зорилгоор авсан зээл. Гэхдээ та уг зээлийг эргүүлэн төлөх санхүүгийн чадвартай байх ёстой. Таны авах зээл боломжит хамгийн бага хүүтэй байх хэрэгтэй.

 

“Муу зээл” гэдэг нь та өөрт чухал шаардлагагүй зүйлийг худалдаж авах, ирээдүйд ашиг өгөхгүй зүйлд зориулж авсан зээлийг хэлнэ. Ийм төрлийн зээлд үнэтэй хувцас, тансаг хэрэглээний зүйл худалдан авах, үнэтэй аялалд явахын тулд авсан зээл орно.

 

САНАМЖ

Өрөнд орох хялбар, харин өрнөөс гарах хэцүү. Тиймээс үнэхээр шаардлагатай биш л бол мөнгө зээлэхээс зайлсхийгээрэй.

Өөрт тохирсон зээл сонгох

Зээл авахаас өмнө

Мөнгө зээлэхээсээ өмнө худалдан авахаар төлөвлөж буй зүйл танд үнэхээр хэрэгцээтэй эсэх, хэрэв хэрэгцээтэй бол зээл авалгүйгээр түүнийг худалдан авах өөр арга зам буй эсэхийг судлах нь зүйтэй.  Зээл авахаас өмнө-хэсгийг үзнэ үү.

“Муу” зээлээс зайлсхийх

Зээл авч буй тохиолдолд, тухайн зээл “сайн” зээл мөн эсэхийг хянаарай. “Сайн” зээл гэдэг нь танд богино хугацаанд мөнгө олох боломжийг олгох, урт хугацаанд орлого олох боломжийг тань нэмэгдүүлэх, эсвэл танд зайлшгүй чухал зүйл, жишээ нь орон байр худалдаж авахад тань туслах зээл юм.

 

“Муу” зээл гэдэг нь танд үнэхээр шаардлагагүй, ирээдүйд танд орлого олоход туслахгүй зүйл худалдан авах зээл юм. 

 

“Сайн” зээл ба “муу” зээлийн зарим жишээг харахын тулд эндээс [Зээлэхээс өмнө цэсний “Сайн” зээл ба “муу” зээлийн хэсэг] үзнэ үү.

 

 “МУУ” ЗЭЭЛЭЭС ЗАЙЛСХИЙХ ЗӨВЛӨМЖҮҮД

Дараах асуултыг өөрөөсөө асуу. Хэрэв бүх асуултын хариу “үгүй” бол, таны авах гэж буй зээл “муу” зээл болно. Үүнд:

·         Зээлээр худалдан авах энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу?

·         Зээл авахаас өөр хэлбэрээр энэ зүйлийн үнийг төлж чадах уу?

·         Зээл авснаар миний санхүүгийн байдал, боломж бололцоо сайжрах уу?

·         Боломжтой үнийн саналыг судалж би адил төстэй дэлгүүрээр орж үзсэн билүү?

·         Бусад зардал нэмэгдвэл (жишээ нь, миний орон сууцны зээл, эсвэл түрээс) би хугацаандаа зээлээ эргүүлэн төлж чадах уу?

·         Зээл авахтай холбоотой нөхцөлийг би ойлгосон уу?

·         Хэрэв аливаа зүйл буруугаар эргэвэл юу болох тухай буюу эрсдэлийг би ойлгосон уу?


Хэрэв та мөнгө зээлэх хэрэгтэй бол, сар бүр хэдэн төгрөг эргүүлэн төлөх чадвартайгаа тооцоорой. Энэ тооцоолол нь таныг хэдэн төгрөг зээлэх чадвартайг тогтооход нөлөөлөх юм. Хэрэв таны орон сууцны зээл, эсвэл түрээс нэмэгдсэн, цахилгааны гэх мэт төлбөрийг нэн тэргүүнд төлж барагдуулах шаардлагатай, эсвэл таны цалин, орлого буурсан зэрэг тохиолдолд энэ зээлээ төлж чадах эсэх талаар бодитой тооцооллыг гаргаарай. Үүний тулд та төсөв зохиох, бүх орлого, зарлагаа бүртгэх нь хамгийн үр дүнтэй байдаг.Та хэдэн төгрөг эргүүлэн төлөх чадвартай вэ?

 Төсөв хэрхэн зохиох талаар эндээс [Төсөв зохиох] үзнэ үү. 

САНАМЖ

Та хэдийгээр их хэмжээний зээл авах боломжтой байсан ч өөрийн эргүүлэн төлж чадахуйц хэмжээнээс хэтрүүлэн зээл авахаас зайлсхийгээрэй. Та үндсэн зээлээс гадна зээлийн хүү нэмж төлнө гэдгээ санаарай.

Тогтмол хүү ба хувьсах хүү

Тогтмол хүү нь зээлийн гэрээний хугацаанд өөрчлөгддөггүй хүү юм. Иймд та хичнээн төгрөг буцааж төлөх нь тодорхой байдаг. 

 

Хувьсах хүү нь зээлийн гэрээний хугацаанд өөрчлөгдөж болдог хүү юм. Хувьсах хүү нь Монголбанкнаас тогтоосон бодлогын хүүний болон бусад хүүний өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгддөг. Заримдаа зээлдүүлэгч нь зах зээлийн нөхцөл байдлын талаарх өөрийн үзэл баримтлалд тулгуурлан хүүг өөрчлөх нь бий. Хувьсах хүү нь зээлийн хугацаанд нэмэгдэж эсвэл буурч болно. Иймээс та тооцоолж байснаасаа их, эсвэл бага хүү төлөх болно гэсэн үг. 

 

Тогтмол ба хувьсах хүүний сонголт хийх шаардлага тэр бүр гарахгүй.  Гэвч хэрэв танд сонголт хийх боломж олдвол, зээлийн эргэн төлөлтийн хэмжээ тодорхой байх тогтмол хүүг сонгох уу? эсвэл хувьсах хүүг сонгож азаа үзэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй.

 

Зээлийн төрлүүд

Зээлдүүлэгчид олон төрлийн зээл санал болгодог. Иймд та өөрт тохирсон, зөв зээлийг сонгох хэрэгтэй:

Иргэдийн зээл – Иргэдийн хувийн болон бизнесийн хэрэгцээнд зориулан олгодог зээл. Та зээлийн эргэн төлөлтийг тогтмол хугацаанд (гол төлөв сар бүр) хийнэ. Зээлийн эргэн төлөлтийг тогтсон хугацаанд төлбөл зээлийн хугацаа дуусахад та зээлийн төлбөрийн үлдэгдэлгүй буюу зээл болон зээлийн хүүг бүрэн төлж дууссан байна. 

Зээлийн эрхтэй карт – Зээлийн эрхтэй карт нь танд аливаа зүйлийг картаа ашиглан зээлээр худалдаж авах боломжийг олгодог. Та картаа ашиглан хийсэн худалдан авалтын дүн авсан зээлийн дүнг илтгэх бөгөөд таны зээлсэн буюу эргүүлэн төлөх ёстой үнийн дүнг харуулсан хуулгыг та сар бүр хүлээн авна. Тус хуулга нь танд зээлээ бүтнээр нь төлөх, эсвэл бага хэмжээгээр төлөх сонголтыг олгоно. Хэрэв та зээлийг бүтнээр нь төлөөгүй бол төлөгдөөгүй зээлийн үнийн дүнд хүү төлнө. Гол төлөв бусад зээлтэй харьцуулахад өндөр хүүтэй байдаг.  Иймд хэрэв зээлээ бүтнээр нь төлөхгүй бол таны төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдэл маш хурдан нэмэгддэг.

Зээлийн эрхтэй картын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Зээлийн эрхтэй карт] үзнэ үү.

 

Oвердрафт – Танд банкин дахь дансанд байгаа мөнгөнөөсөө илүү хэмжээтэй мөнгө авах боломжийг таны үйлчлүүлдэг банк олгодог байж болох юм. Үүнийг овердрафт гэнэ. Овердрафт нь өндөр хүүтэй байдаг.

Зээлийн бодит өртөг (ЗБӨ)

Зээл авахаас өмнө зээлдүүлэгч танд Зээлийн Бодит Өртөг (ЗБӨ) хэд болохыг мэдээлэх ёстой. Таныг зээл авсан тохиолдолд эргүүлэн төлөх ёстой нийт зардлыг хувиар тооцож харуулсан дүнг ЗБӨ гэнэ. ЗБӨ-т зээлийн хүүнээс гадна шимтгэл хураамж болон бусад зардлыг оруулж тооцсон байдаг.

Судалгаа хийж харьцуулах

Зээл авахаасаа өмнө төрөл бүрийн зээлийг судалж харьцуулах замаар өөрт тохирсон зээлийг сонгох хэрэгтэй. Олон зээлдүүлэгчдээс санал болгож буй зээлийн бүтээгдэхүүнийг судалж үзээрэй.

 

Зээлийн сонголт хийх үедээ та дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй. Үүнд:

  • Зээлийн хүү;
  • Таны эргүүлэн төлөх нийт мөнгөний дүн (Үндсэн зээл, зээлийн хүү, шимтгэл, суутгал гэх мэт);
  • Сар бүр төлөх мөнгөний хэмжээ;
  • Зээлийн хугацаа;
  • Зээлийн төлбөрийг төлөхгүй өнжих, эсвэл хугацаа хэтэрсэн зээлд тооцох аливаа алданги, торгууль;

Дараах жишээг харна уу.

Та 5 000 000 төгрөгийн зээл авах шаардлага гарчээ.  Зээлдүүлэгч танд 5 000 000 төгрөгийг 3, эсвэл 5 жилийн дотор төлөх гэсэн хоёр сонголтыг санал болгожээ. Таван жилийн хугацаатай зээл авахад таны сар бүр төлөх зээлийн хэмжээ бага байна. Гэвч гурван жилийн хугацаатай зээлтэй харьцуулахад нийтдээ илүү мөнгө төлөх хэрэгтэй болно. Иймд богино хугацаатай зээл авах нь зээлийн хүүний зардлыг бууруулна. Гэхдээ богино хугацаатай зээлийн хувьд сар бүр эргүүлэн төлөх мөнгөний хэмжээ их байдгийг санах хэрэгтэй. Иймд зээлийн хүүний зардлаас гадна сар бүр зээлээ эргүүлэн төлж чадах өөрийн санхүүгийн боломжийг тооцоолж үзээрэй.

Эргүүлэн төлөх мөнгөний хэмжээг мэдэж авах

Зээл авахаасаа өмнө хэдэн төгрөг эргүүлэн төлөхөө мэдэж авах хэрэгтэй. Зээлдүүлэгчээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг асууж, зээлийн эргэн төлөгдөх нийт дүн (үүнд төлөх ёстой зээлийн хүү багтана), сар бүр үндсэн зээл болон зээлийн хүүд хэдэн төгрөг эргүүлэн төлөх ёстойгоо мэдэж авах нь зүйтэй.

 

 Түүнчлэн зээлийн бүх нөхцөлийг судалж ойлгосон байх хэрэгтэй. Хэрэв эргэлзэж байвал зээлдүүлэгчээс лавлаж асуугаарай.

САНАМЖ

Эргүүлэн төлөх мөнгөний хэмжээ болон зээлийн гэрээний нөхцөлийг дахин нягталж асуугаарай.  Ингэснээр гэнэтийн таагүй асуудал үүсэхээс сэргийлж чадна.

Долоо хэмжиж нэг огтол 

Дараах зүйлсийг хийхээсээ өмнө сайтар тунгааж бодоорой. Үүнд:

  • Хувийн эд хөрөнгөө барьцаалан зээл авах. Хэрэв та зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлэх, зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүртэл таны барьцаа болгож үлдээсэн хөрөнгө зээлдүүлэгчийн мэдэлд очих болно.
  • Бусад хүмүүсийн зээлэнд баталгаа гаргаж өгөх. Хэрэв зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөхгүй бол, зээлдүүлэгч танаас тухайн зээлийг төлж барагдуулахыг шаардана.

Бусад хүмүүсийн авах зээлэнд баталгаа гаргахтай холбоотой үүсэх эрсдэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Зээлийн баталгаа гаргах] үзнэ үү.

.

Өөрийн зээлийг хянах

Та авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй хэцүү байна уу?

Та зээлээ эргүүлэн төлж чадахгүй, эсвэл зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг асуудлыг үл ойшоон “бүх зүйл болох биз дээ” гээд орхих хялбар.  БҮҮ ИНГЭЭРЭЙ. Хэрэв та зээлээ эргүүлэн төлөхтэй холбоотой асуудлыг үл ойшоовол уг асуудал хэзээ ч дээрдэхгүй цаг хугацаа өнгөрөх тусам харин ч дордоно!

 

Санхүүгийн хүндрэлтэй байдалд орох нь хүн бүрт тохиолддог зүйл. Нэн даруй арга хэмжээ авснаар та жижиг асуудлыг том асуудал болохоос өмнө шийдэж чадна.

Таны хэрэгжүүлж болох зарим практик алхмуудыг бид дор сийрүүлэв.

Асуудалтай байгаагаа хүлээн зөвшөөрч, төлөвлөгөө гаргах

Нэн тэргүүний хамгийн чухал алхам бол танд асуудал тулгарсан болохыг хүлээн зөвшөөрөх явдал мөн. Та бэрхшээл, асуудалтай тулгарснаа хүлээн зөвшөөрснөөр нөхцөл байдлаа сайжруулах арга хэмжээг авч чадна. Та хэдэн төгрөг төлөх ёстойгоо мэдэж байх хэрэгтэй. Ингэснээр асуудлыг хэрхэн зөв шийдэхээ төлөвлөж чадна.

Төсөв зохиох, зохиосон төсвөө дахин хянах

Та мөнгөө юунд зарцуулаад байгаагаа мэдэх, ямар зардлаас мөнгөө хэмнэж болохыг тодорхойлохын тулд төсөв зохиох нь хамгийн үр дүнтэй арга зам мөн. Хэрэв танд төсөв гэж байдаггүй бол одооноос төсөв зохиогоорой.

Төсөв зохиоход тань туслах зааврыг [Төсөв зохиох] орж үзнэ үү.

Хэрэв танд төсөв байдаг бол төсвөө дахин хянаж, зардлаа хэмнэж болох эсэхийг нягтлана уу.

 

Хэрэв та зардлаа хэмнэж болох арга замыг олсон бол хэмнэсэн мөнгөөрөө зээлээ эргүүлэн төлж болно.

Зээлээ хугацаанд нь төлөхийг хичээх

Зээлийн төлбөрийг хийхэд хүндрэлтэй байгаа ч та зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөхийн тулд бүх чадлаараа хичээх хэрэгтэй. Хэрэв зээлээ хугацаанд нь төлж чадахгүй өнжвөл та нэмэлт зардал, алданги төлөх хэрэгтэй болно.

 

Хэрэв зээлийн төлбөрийг банкны данснаасаа шилжүүлэн төлдөг бол зээлийн төлбөр хийхэд хүрэлцээтэй хэмжээний мөнгийг дансандаа байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Та тогтмол төлбөрүүдээ төлөхөө мартахгүйн тулд “Захиалгат гүйлгээ” үйлчилгээг ашиглах нь зүйтэй. Гэхдээ эхлээд энэ үйлчилгээг авахад банк хураамж суутгал авдаг эсэх, авдаг бол хичнээн төгрөг суутгаж авдгийг асуугаарай. Дараа нь захиалгат гүйлгээний үйлчилгээ авах эсэхээ шийдээрэй.

Зээлдүүлэгчидтэйгээ ярилцах

Хэрэв та зээлээ хугацаанд нь эргүүлэн төлж чадахгүйгээ мэдэж байгаа бол зээлдүүлэгчидтэйгээ ярилцаад үзээрэй. Тэд зарим зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, эсвэл тодорхой хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах гэх мэтээр танд тусалж ч болох юм.

 

САНАМЖ

Хэрэв та зээлээ эргүүлэн төлж чадахгүй байгаа тухайгаа зээлдүүлэгчдээ мэдэгдээгүй бол тэд танд тулгарсан бэрхшээлийг мэдэхгүй. Тэд мэдээгүй учраас танд тусалж чадахгүй.


Зээлийнхээ алийг нь нэн даруй төлөхөө шийдээрэй. Зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс илүү их асуудал үүсгэж болзошгүй өр зээлээ нэн тэргүүнд төлж барагдуулах нь зүйтэй. Жишээ нь:Зээл төлөх дараалал тогтоох 

  • Орон сууц худалдан авахад зориулан олгодог зээл, орон сууц барьцаалж авсан аливаа зээлээ нэн тэргүүнд төлөх. Хэрэв та эдгээр зээлийг хугацаанд нь төлөхгүй бол та орон сууцаа хураалгаж болзошгүй.
  • Мөн цахилгаан, эрчим хүчний төлбөрөө нэн тэргүүнд төлөх. Хэрэв та ашиглалтын зардлаа төлөхгүй бол дулаан, цахилгаан, эрчим хүчээ таслуулж болзошгүй.

 

Мөн нэн даруй төлөх шаардлагатай зээлд өндөр хүүтэй зээл хамаарна.

Зээлээ хугацаанд нь төлөхгүй бол зээл тус бүрт ямар торгууль (жишээ нь, өндөр хүүтэй алданги, суутгал тооцох гэх мэт) ногдуулахыг та мэдэх шаардлагатай.

 

Зээлийн гэрээнийхээ аль ч зүйл, заалт, нөхцөлийг зөрчихгүй байх нь чухал. Иймд аливаа зээлийн гэрээнд тусгасан сар бүрийн төлбөр болон зээлийн эрхтэй кредит картны хамгийн бага төлбөрийг төлж барагдуулахыг хичээгээрэй.  

 

Зээлийн эрхтэй кредит карт нь илүү өндөр хүүтэй байдаг учраас зээлийн төлбөрөө сар бүр бүрэн төлж барагдуулах нь зүйтэй. Хэрэв кредит картын зээлээ бүрэн төлж чадахгүй бол төлж чадах хэмжээгээрээ төлөөрэй. Түүнчлэн кредит картныхаа ашиглалтыг багасгаарай. Худалдан авалтаа багасгах тухай зөвлөмжийг эндээс [Худалдан авалтаа багасгах нь] үзнэ үү. Кредит картынхаа зээлийн үлдэгдлийг хэдий чинээ хурдан багасгаж чадна төдий чинээ бага хүү төлнө.

Зээлээ дахин санхүүжүүлэх

Хэрэв та олон зээлтэй бол дахин арай бага хүүтэй зээл авч өмнөх зээлүүдээ дахин санхүүжүүлэх буюу өмнөх зээлүүдээ төлөхөд ашиглаж болно. Зээлийн дахин санхүүжилт авахаас өмнө ийм зайлшгүй шаардлагатай эсэхийг бодоорой.

Зээлээ дахин санхүүжүүлэхтэй холбоотой зааврыг эндээс [Зээлээ дахин санхүүжүүлэх нь] үзнэ үү.

Зээлээ хугацаанаас нь өмнө төлөх

Зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөд анхаарах зүйлс

 

Хэрэв та боломжтой бол сар бүр төлөх зээлийн эргэн төлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтойгоо зээлдүүлэгчдээ мэдэгдэх, эсвэл зээлээ бүхэлд нь төлж болно.   Хэрэв ингэж чадвал та зээлээ илүү хурдан төлж барагдуулах боломжтой.

 

Дээр дурьдсанчлан, зээлээ урьдчилж төлөхөд аливаа шимтгэл суутгал тооцох эсэхийг эхлээд лавлаарай. Хэрэв шимтгэл, суутгал тооцдог бол энэ нь зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдуулах хэрэггүй гэсэн үг биш гэдгийг анхаараарай! Зээлээ хугацаанаас нь өмнө төлснөөр зээлийн нийт эргэн төлөлтийн дүнг ихээхэн хэмжээгээр бууруулах боломжтой. Та эхлээд зээлийн хүүнд төлөх байсан мөнгөний хэмнэлтийг тооцоорой. Дараа нь зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөд банкны тооцож авах аливаа шимтгэл, суутгалын дүнг тооцоорой.  Хэрэв зээлийн хүүний төлбөрөөс хэмнэж буй мөнгө нь аливаа шимтгэл, суутгалаас их бол зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдуулах нь зүйтэй.

Зээлээ дахин санхүүжүүлэх

Зээлээ дахин санхүүжүүлэхэд анхаарах зүйлс

 

Хэрэв та олон зээлтэй бол дахин арай бага хүүтэй зээл авч өмнөх зээлүүдээ дахин санхүүжүүлэх буюу өмнөх зээлүүдээ төлөхөд ашиглаж болно. Үүнийг зээлээ дахин санхүүжүүлэх гэдэг.

 

Одоогийн зээлэндээ төлж буй хүүнээс бага хүүтэй зээл авч чадвал энэ нь дараах давуу талтай. Үүнд:

  • Та нийтдээ бага хүү төлөх боломжтой боллоо гэсэн үг.
  • Ерөнхийдөө олон зээлтэй байснаас нэг зээлтэй байсан нь дээр.

 

Энэ шийдвэрийг гаргахаас өмнө, бага хүүтэй зээлийг ямар хугацаатай, нөхцөлтэй санал болгож буйг лавлаарай. Бага хүүтэй зээлийн нөхцөлийн талаар (аливаа шимтгэл, суутгал гэх мэт) судалж мэдээрэй. Түүнчлэн одоогийн зээлүүдээ хугацаанаас нь өмнө төлбөл зээлдүүлэгчид аливаа шимтгэл суутгал тооцож авах (хэрэв “тийм бол”, хичнээн хэмжээтэй) эсэхийг асуугаарай. Эдгээр асуултын хариулт, таны одоо байгаа зээлүүдийн нөхцөлүүд болон шинэ зээлийн нөхцөлөөс шалтгаалан тухайн шинэ зээлийн хүү одоо байгаа зээлүүдийн хүүнээс бага ч гэсэн зээлээ дахин санхүүжүүлэх нь таныг санхүүгийн хувьд дордуулж ч болох юм.

 

Зээлээ дахин санхүүжүүлэх нь таныг илүү их мөнгө зээлэх хүсэлд автуулж, улмаар илүү их өр зээлд унагахаас болгоомжлох хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв та кредит картынхаа зээлийн үлдэгдлийг өөр зээл рүү шилжүүлж чадвал тухайн кредит картаас дахин зээл авах хүсэл төрж болох магадлалтай. Хэрэв зээлээ дахин санхүүжүүлэх нь таны нийт өр зээлийн хэмжээг нэмэгдүүлж байвал энэ нь таны санхүүгийн нөхцөл байдлыг улам дордуулж байгаа явдал юм.

ЗӨВЛӨМЖ

Одоогийн зээлээ дахин санхүүжүүлэх эсэхээ шийдэхийн тулд урьдчилан сайтар судалгаа хийгээрэй. Одоогийн зээлээ дахин санхүүжүүлснээр таныг өр зээлнээсээ салахад тусална, эсвэл хичнээн их өр зээлтэй байсан ч танд тусална гэх мэт бодитой бус амлалт өгч буй аливаа зээлдүүлэгчдээс зайлсхийгээрэй.

Хэрэв та эцэст нь илүү их мөнгө төлж (зээлийн хүү, шимтгэл, суутгал гэх мэт), мөнгө алдаж, санхүүгийн хувьд улам дордож байгаа буюу мөнгө хэмнэхгүй л бол зээлээ дахин санхүүжүүлэх хэрэггүй.


Та авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй хэцүү байна уу?
 

Та зээлээ эргүүлэн төлж чадахгүй, эсвэл зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг асуудлыг үл ойшоон “бүх зүйл болох биз дээ” гэж тайвшраад орхиж болох ч БҮҮ ИНГЭЭРЭЙ. Хэрэв та зээлээ эргүүлэн төлөхтэй холбоотой асуудлыг үл ойшоовол уг асуудал хэзээ ч дээрдэхгүй харин ч улам дордоно!

 

Авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй байгаа тохиолдолд та юу хийх ёстой тухай зааврыг эндээс [Өөрийн зээлийг хянах нь] үзнэ үү.

Орон сууцны зээл

Орон сууцны зээл гэж юу вэ?

Орон сууцны зээл нь тогтмол орлоготой аливаа иргэнд амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авахад нь зориулж банкнаас олгож байгаа зээл юм. Зээлийг бүрэн төлж дуустал таны зээлийн мөнгөөр худалдан авсан орон сууц нь зээлийн “барьцаа баталгаа” болдог зээл юм. Энэ нь хэрэв та банкны зээлийг төлж чадахгүй бол банк таны орон сууцыг өөртөө авч (өөрөөр хэлбэл, хураан авах) зээлүүлсэн мөнгөө олж авахын тулд тэдгээрийг захиран зарцуулах эрхтэй болдог гэсэн үг юм.

 

Орон сууцны зээлийг гол төлөв дараах тохиолдолд ашигладаг. Үүнд:

  • Баригдаж буй барилга, орон сууцыг худалдан авахын тулд барилгын компанид төлбөр төлөх;
  • Баригдсан орон сууц худалдан авах. Энэ тохиолдолд, орон сууцны зээлийг тухайн орон сууцны одоогийн эзэмшигчид төлбөр төлөхөд ашигладаг.

Урьдчилгаа төлбөр

Орон сууц худалдан авахад шаардлагатай бүх мөнгийг банк зээлүүлдэггүй. Та орон сууц худалдан авах үнийн тодорхой хувийг буюу урьдчилгаа төлбөрийг төлөх чадвартай тохиолдолд л зээл олгодог. Таны худалдан авч буй орон сууцны нийт үнийн дүнгийн 30%-иас доошгүй хувийн урьдчилгаа төлбөрийг банк шаарддаг. 

Орон сууцны зээлийн хугацаа

Орон сууцны зээл ихэвчлэн 10-30 жилийн хугацаатай олгодог. Энэ хугацааг орон сууцны зээлийн хугацаа гэнэ. Жишээлбэл, та 10 жилийн хугацаатай орон сууцны зээл авсан бол зээлээ холбогдох хүү, шимтгэл, суутгалын хамт 10 жилийн дотор төлж барагдуулна гэсэн үг.

 

Урт хугацаатай орон сууцны зээлийн хувьд зээлийг эргүүлэн төлөх илүү хугацаа олгох боловч эцэст нь та (ихэнхдээ) хүүнд их хэмжээний мөнгө төлдөг.

орон сууцны зээл авах хүсэлт гаргах

Орон сууцны зээл авахын тулд та (зөвхөн таны харилцдаг банк бус) аль ч банкинд хандаж болно. Банкуудын санал болгож буй хүү, шимтгэл, суутгалын хэмжээг харьцуулан аль нь хамгийн боломжийн нөхцөлтэй зээл санал болгож буйг судлаарай. Мөн орон сууцны ипотекийн санхүүжилтийн талаарх холбогдох эрх зүйн зохицуулалтыг сайтар судлаарай.

 

Таны орон сууцны зээл авах хүсэлт гаргасан банк танаас ямар эд хөрөнгө худалдаж авах хүсэлтэй байгааг асууна. Зээл, зээлийн хүү болон банкны шимтгэл, суутгалыг эргүүлэн төлөх чадвартай эсэх, улмаар танд орон сууцны зээл олгох эсэх шийдвэр гаргахын тулд банк танаас олон асуулт асууна. Банк танай өрхийн орлого (өрхийн орлогын нотлох баримт, хэрэв та ажилладаг бол ажил олгогчийн тодорхойлолт, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол татварын тайлангийн хуулбар гэх мэт нотлох баримт шаардлагатай болдог), зарлагын (зардлыг нотлох баримт шаардлагагүй) талаар асуудаг.

 

Орон сууцны зээл сар бүр эргүүлэн төлөх төлбөрийн хэмжээ танай өрхийн сарын орлогын 45 хувиас бага тохиолдолд банк зээл олгодог.

Урьдчилан төлөх төлбөр

Хэрэв банк орон сууцны зээл олгохоор шийдвэл орон сууцны зээл олгохтой холбоотой шимтгэл, хураамжийг урьдчилан төлүүлдэг. Хэрэв та орон сууц худалдан авч байгаа бол зуучлалын байгууллагын үйлчилгээний хөлс, нотариатын төлбөр, татвар зэргийг төлөх хэрэгтэй болно.

Хэдэн төгрөг төлөх чадвартайгаа тооцох

Орон сууцны зээл авахаасаа өмнө ямар зардал төлөх хэрэгтэй болох, сард хэдэн төгрөг төлөх чадвартайгаа тодорхойлоорой. Зөвхөн банкны үнэлгээнд найдаж болохгүй шүү.

Эргэн төлөлт

Та сар бүр үндсэн зээлийн тодорхой хэсэг болон зээлийн хүү төлнө. Орон сууцны зээлийн хугацаа дуусахад та зээлийг хүүний хамт бүрэн төлж дууссан байх бөгөөд орон сууц таны эзэмшилд бүрэн шилжинэ.

Хэрэв таны санхүүгийн нөхцөл байдал хүндэрвэл

Хэрэв та орон сууцны зээлтэй бөгөөд таны санхүүгийн нөхцөл байдал дордвол, хэдийгээр та зээлийн эргэн төлөлтийг төлөх чадвартай гэж өөрийгөө бодож байгаа ч энэ тухай зээлдүүлэгчид нэн даруй мэдэгдэх шаардлагатай.

Гадаад валютаар зээл авах

Ямар эрсдэлтэй вэ?

Зарим хүмүүс гадаад валютаар зээл авдаг (жишээ нь, америк доллараар). Төгрөгөөр авах зээлийн хүүнээс энэ зээлийн хүү ерөнхийдөө бага байдаг. Гэвч төгрөгийн ханшийн уналтын улмаас гадаад валютаар зээл авсан хүмүүс эцэст нь зээлснээсээ илүү их мөнгө төлөхөд хүрдэг.

 

Зарим зээлдүүлэгчид америк доллар гэх мэт гадаад валютаар зээл авах боломжийг хувь хүн, бизнесийн байгууллагуудад олгодог. Гадаад валютын зээлийн хүү нь төгрөгөөр авах зээлийн хүүнээс бага байна. Иймд гадаад валютаар зээл авах нь давуу талтай мэт харагдана. Гэвч гадаад валютаар зээл авахын гол эрсдэл нь [валютын ханш] гадаад валют ба төгрөгийн ханшийн өөрчлөлт байдаг.  Хэрэв төгрөгийн ханш суларвал, та зээлснээсээ илүү их мөнгө төлөх хэрэгтэй болно. Энэ тохиолдолд та төгрөгөөр зээл авснаас илүү хүнд байдалд орж болзошгүй. Үүнийг “валютын ханшийн эрсдэл” гэдэг.

ЖИШЭЭ

Танд 2 000 000 төгрөг, эсвэл 1 000 ам.доллар зээлэх боломж байна. Таны сонголт хийх тэр үед 1 ам.доллар 2 000 төгрөгтэй тэнцэж байсан гэвэл ам.доллараар авах зээлийн хүү бага байдаг тул ам.доллараар зээл авах нь илүү дээр мэт санагдана.

Гэвч цаашид төгрөгийн ам.доллартай харьцах ханш унаж 1 ам.доллар 2 400 төгрөгтэй тэнцэх боллоо гэж бодъё. Ханшийн уналтын улмаас таны зээлсэн 1 000 ам долларыг эргүүлэн төлөхийн тулд та

2 000 000 төгрөг бус 2 400 000 төгрөг төлөх ёстой болно гэсэн үг юм.

Зээлийн баталгаа гаргах

Энэ юу гэсэн үг вэ?

Зарим зээлдүүлэгчид зээл авахыг хүсч буй хүнээс өөр нэг хүнээр зээлийн баталгаа гаргуулж ирэхийг шаарддаг. Жишээ нь, зээл хүссэн этгээдийг арай нас тогтсон хүнээр (гол төлөв тухайн зээл хүсэгч этгээдээс санхүүгийн хувьд илүү бололцоотой гэр бүлийн гишүүн, эсвэл найз) зээлэндээ баталгаа гаргуулахыг шаардаж болно. Зээлэнд баталгаа гаргаж буй хүнийг зээлийн баталгаа гаргагч гэнэ.

 

Зээлийн баталгаа гаргагч нь зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол тухайн хүний зээлийг төлөх хууль ёсны хариуцлага хүлээнэ. Түүнчлэн зээлдэгчийн төлөөгүй аливаа хүү, шимтгэл, суутгалыг төлнө.

Ямар эрсдэлтэй вэ?

Зээлийн баталгаа гаргагчид ямар ч ашиг байхгүй, зөвхөн зээлдэгчид л тусалж байгаа явдал юм. Тухайлбал, зээлийн барьцаа хөрөнгийг эзэмших эрх зээлийн баталгаа гаргагчид байхгүй. Мөн зээлдэгч зээлээ төлбөл зээлийн баталгаа гаргагчийн зээлийн түүх сайжрахгүй. Энэ нь зөвхөн зээлдэгчид хамааралтай.

 

Харин  зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол зээлийн баталгаа гаргагчийн зээлийн түүхэнд муугаар тэмдэглэгдэнэ.  Өөр хүний зээлэнд баталгаа гаргахын тулд өөрийн эд хөрөнгөө ашигласан бол өөрөө зээл авахдаа түүнийг барьцаа болгон ашиглах боломжгүй болно. Харин ч зээлдэгч болон зээлдэгчийн өмнөөс та зээлийг нь төлж чадахгүй бол эд хөрөнгөө хураалгах эрсдэлтэй.

 

Баталгаа гаргасан зээл эргэн төлөгдөхгүй бол зээлдүүлэгч таныг шүүхэд өгч тухайн зээлийг төлөх хариуцлагыг танд хүлээлгэж ч мэднэ. Энэ тохиолдолд зээлийн баталгаа болгож ашиглаагүй эд зүйлийг ч зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар хурааж худалддаг.

Зээлд баталгаа гаргахаас өмнө сайтар бодох

Зээлд баталгаа гаргахаас өмнө сайтар бодоорой. Зээлийн баталгаа гаргагч бололгүйгээр өөр арга замаар туслах боломж бий юу? Жишээ нь, урьдчилгаа төлбөр төлөхөд нь тусалснаар зээлд баталгаа гаргах шаардлагагүй болж болох уу?

Таны гэр бүлийн орон сууцны ипотекийн зээл авч буй гишүүн, эсвэл найз чинь зээлээ төлж чадахгүй бол хэрхэхээ бодож үзээрэй. Зээлийг эргүүлэн төлж чадах уу? Зээлийг эргүүлэн төлөхөд ашиглах хуримтлал, худалдан борлуулах эд зүйлс танд бий юу? Хэрэв энэ хоёр асуултын хариу “үгүй” бол, зээлийн баталгаа гаргаснаар та өөрийн санхүүгийн нөхцөл байдлаа эрсдэлд оруулж байна гэсэн үг.

 

Эдгээр асуултын хариу “тийм” байсан ч хэрэв таны гэр бүлийн гишүүн, эсвэл найз чинь зээлээ төлж чадахгүй болж хуулийн дагуу зээлийг төлөх хариуцлагыг та хүлээвэл энэ нь таны гэр бүлийн гишүүн, эсвэл найзтайгаа харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөхийг бодоорой. Ирээдүйд зээлдэгчтэй харилцаагаа муутгахаас зайлсхийж одоо л “үгүй” гэж хэлсэн нь дээр ч байж магадгүйг бодоорой.

Зээлийн баталгаа гаргах эсэхээ шийдэхийн өмнө та өөртөө доорх асуултыг нэг тавиарай.

Хэрэв эрсдэлийг үл харгалзан зээлийн баталгаа гаргах тухай бодож үзэхээр шийдсэн бол дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. Үүнд:

  • Зээлийн хэмжээ хэд вэ?
  • Баталгаа гаргах зээлийн хэмжээнд тодорхой хязгаар байгаа юу? Хэрэв хязгаар байхгүй бол, зээлдэгч авах зээлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх магадлалтай юм.
  • Энэ бизнесийн зээл үү? Хэрэв бизнесийн зээл бол, тухайн бизнесийн талаар та аль болох ихийг асууж мэдээрэй. Бизнесийн үйл ажиллагааны талаар сайн ойлгохын тулд бизнес төлөвлөгөөг нь авч үзээрэй. Аж ахуйн нэгжийн санхүүгийн үзүүлэлт тухайлбал, аж ахуйн нэгжийн өмнөх хугацааны санхүүгийн тайлангуудыг шалгаж (эсвэл тухайн аж ахуйн нэгжээс хараат бус хөндлөнгийн санхүүгийн мэргэжилтнээр шалгуулах), нягтлан бодогчтой нь (хэрэв нягтлан бодогчтой бол) уулзан тухайн аж ахуйн нэгж санхүүгийн хувьд найдвартай, ирээдүйтэй эсэх талаар асууж мэдээрэй.
  • Таны гэр бүлийн гишүүн, эсвэл найз чинь зээлээ төлж чадахгүй бол тухайн зээлийг та хэрхэн төлөхөө бодоорой. Та зээлийг хуваарийн дагуу эргүүлэн төлөх чадвартай юу? Зээлийг эргүүлэн төлөхөд ашиглах хуримтлал, худалдан борлуулах эд хөрөнгө танд бий юу? Хэрэв энэ хоёр асуултын хариу “үгүй” бол, зээлийн баталгаа гаргаснаар та өөрийн санхүүгийн нөхцөл байдлаа эрсдэлд оруулж байна гэж бодоорой.

Хуулийн зөвлөгөө авах

Хэрэв их хэмжээний мөнгө зээлэх тухай яригдаж байгаа, эсвэл та эргэлзэж байгаа бол зээлдэгч болон зээлдүүлэгчийн аль алинаас хараат бус хөндлөнгийн хуульчаас зөвлөгөө аваарай.

Зээлийн баталгаа гаргах шахалтад бүү автаарай

Гэр бүлийн гишүүн, эсвэл найздаа өөрийг чинь зээлийн баталгаа гаргагч болгохоор хүчлэх, дарамтлахыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол таны мөнгө. Хэрэв зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол тухайн зээлийг та төлнө.  Энэ нь таныг санхүүгийн уналтад оруулж ч болно гэдгийг санаарай.

 

Зээл таны амьдралд гарын авлага

Холбоотой зөвлөгөө