• Share : 8
  • Уншсан : 2390
  • 7 сарын 26

Мөнгөө зөв зарцуулах нь

Төсөв зохиох

Мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхийн тулд төсөв зохиож, төсвийн дагуу зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгө санхүүгээ зөв удирдаж, амьдралаа ухаалгаар авч явахад тань төсөв чухал үүрэгтэй.

Төсөв нь таны олж буй орлого (жишээлбэл, цалин хөлс), мөнгөний зарцуулалт, хуримтлал, хадгаламжийн хэмжээг харуулдаг.

Олж буй орлогоосоо хэтрүүлж мөнгө зарцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв таны орлого хэрэгцээг тань хангаж хүрэлцэхгүй бол зээл авах шаардлага үүсдэг. Зээл авах нь зарим нэг зүйлийг худалдан авах боломж олгодог ч зээлийн хүүний нэмэлт зардал гарна. Түүнчлэн олсон орлогоосоо зээлээ төлж дуустал сар бүр зээлийн төлбөр төлөх шаардлагатай болдог.

Хэрэв таны зарлага орлогоос тань их байвал мөнгөө юунд зарцуулсан, мөн хэмнэлт хийх ямар боломж байгаа талаар бодож үзэх хэрэгтэй.  Онцын шаардлагагүй зүйлсээс татгалзаж, хэмнэлт хийж чадвал (тухайлбал, түлш бага зарцуулдаг машин жолоодох,  үнэтэй ресторанд хоол идэхээ болих гэх мэт) та орлогодоо тохируулан мөнгөө зарцуулдаг болно.

Мөнгө зарцуулахаасаа өмнө танд болон таны гэр бүлд юу хэрэгцээтэй байгааг тодорхойлоорой. Тансаг хэрэглээний зүйлс худалдаж авахаасаа өмнө чухал хэрэгтэй зүйлсээ худалдаж авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ ба хүслээ ялгаж сурах хэрэгтэй.

Хэрэгцээ ба хүслийн ялгааг мэдэхийг хүсвэл энд [Хэрэгцээ ба хүсэл] дарна уу; харин мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулах талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд [Мөнгөө зөв зохистой зарцуулах нь] дарна уу.

Хэмнэлт хийх боломжийг олохын тулд хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглэж заншаарай. Орлого, зарлагаа бүртгэхдээ тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийх хүснэгт, компьютерын бэлэн програм ашиглаж болно. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал. Учир нь,  өдөр тутмын бага хэмжээний зарцуулалт сар, жилийн хугацаанд тооцож үзэхэд их хэмжээний дүнтэй болсон байдаг.

Зардлаа багасгаж, мөнгөө хэмнэхийн зэрэгцээ, орлогоо өсгөх боломжийг хайх хэрэгтэй. Орлогоо өсгөснөөр хуримтлал үүсгэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.  

САНАМЖ!

Амьдралын нөхцөл байдал байнга өөрчлөгддөг, тиймээс нөхцөл байдалд тохируулан төсвөө тогтмол шинэчлэх хэрэгтэй.

Төсөв хэрхэн зохиох болон амьдралд хэрэгжихүйц жишээ, зөвлөгөө авъя гэвэл энд [Төсөв зохиох нь]дарна уу.

 

Зээл авах

Зээл авч юм худалдаж авахаасаа өмнө, та өөрөөсөө ингэж асуугаарай.

  • Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу?
  • Хэрэв үнэхээр хэрэгтэй бол, зээл авалгүйгээр худалдаж авах өөр арга байна уу?
  • Өөр арга байхгүй бол, бага хүүтэй мөнгө зээлэх боломж байна уу?
  • Би авсан зээлээ эргүүлээд хүүний хамт төлөх боломжтой юу?

САНАМЖ!

Зээл авах үед сайхан байх боловч эргүүлж төлөхөд янз бүрийн бэрхшээл учирдаг.   Иймээс үнэхээр шаардлагатай биш бол мөнгө зээлэхээс зайлсхийгээрэй.

Зээл авах, зээлээ эргүүлэн төлөх тухай зөвлөгөөг энд [Хариуцлага хүлээн зээл авах нь] дарж үзнэ үү.

 

Зээлээ эргүүлж төлөх нь

Хэрэв та хэд хэдэн газраас зээл авсан, эсвэл, зээлийн картын төлбөрөө хийх ёстой бол, хамгийн өндөр хүүтэйгээс эхлэн төлж дуусгах хэрэгтэй. Ингэхдээ тухайн зээлийн гэрээнд тусгагдсан гэрээний нөхцөлүүдийг зөрчихгүй байх нь чухал. Зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой төлбөр, зээлийн картын төлбөл зохих доод хэмжээг заавал төлөх ёстой.

Та төлөх ёстой зээлийн хэмжээг хараад цөхрөнгөө барсан үедээ ч зээлээ төлөхийг ямагт хичээх хэрэгтэй. Зээлээ төлөхийг шаардсан нэхэмжлэлүүдийг үл ойшоох нь байдлыг дээрдүүлэх биш харин бүр хурцдуулна. Асуудлыг шийдэхийн тулд хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаа тодорхой мэддэг байх нь чухал. Хэрэв зээлээ эргүүлж төлөх боломжгүй байдалд орсон бол зээлдүүлэгчтэйгээ холбоо барьж, учир байдлаа тайлбарлах хэрэгтэй.

Хэрэв та зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд байгаа бол хэрэгтэй зөвлөгөөг энд [Зээлийн төлбөрийг барагдуулах нь] дарж үзнэ үү.

Ирээдүйдээ зориулан мөнгө хадгалах (хуримтлал үүсгэх)

Гэнэт өвдөх, ажлаас халагдах гэх мэт онцгой асуудал тулгарсан үед хэрэглэх зориулалттай хадгаламжтай байх хэрэгтэй. Наанадаж гурван сар зарцуулах хэмжээний мөнгийг хуримтлуулж, гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх нь зөв. Энэ хэмжээний мөнгийг нэг дор хадгалах боломжгүй бол санаа зовох хэрэггүй, харин ийм хэмжээний мөнгийг хадгална гэсэн зорилт тавих хэрэгтэй.

Гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх мөнгөө хуримтлуулж гүйцсэнийхээ дараа, та дараах зүйлд зориулж мөнгө хадгалж болох юм. Үүнд:

  • Хүүхдийн сургууль, боловсрол;
  • Төрсөн өдрийн бэлэг;
  • Гэр бүлийн амралт, аялал;
  • Гэрийн тавилга болон бусад эд хогшил худалдаж авах гэх мэт.

Өөрийнхөө болоод гэр бүлийнхээ ирээдүйн хэрэгцээнд зориулан хуримтлал үүсгэх тухай зөвлөгөөг энд [Ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэх нь] дарж үзнэ үү.

Та 1.0 сая төгрөгийн үнэтэй зурагт авахаар шийджээ гэж бодъё. Хэрвээ та 100.0 мянган төгрөгийг сар бүр хадгалвал, 10 сарын дараа зурагт авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болсон байна. Харин та зурагтаа зээлээр авбал, зээлсэн мөнгөнөөс гадна хүү нэмж төлөх хэрэгтэй болно.  Энэ нь зурагт авахад зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлнэ.

 

Мөнгө тогтмол хадгалахыг хичээх

Орлого олох, цалингаа авах бүрдээ хадгаламжаа нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй. Хуримтлалтай болохын тулд мөнгөө зарцуулахаасаа өмнө хуримтлалдаа мөнгө хийж хэвших нь зүйтэй. Мөнгийг бага гэлтгүй хадгаламждаа тогтмол хийж хэвшвэл цаг хугацааны дараа ихээхэн хэмжээний мөнгө болж өсдөг. Манай Монголчууд “Дуслыг хураавал далай болно” гэж хэлсэн байдаг.

 

Дансны хуулгаа шалгах

Хэрэв банкинд данс нээлгэсэн бол дансны хуулгаа авах бүртээ орлого, зарлагаа шалгаж мэддэг байх нь зүйтэй. Үүний тулд та өөрөө орлого, зарлагаа давхар бичиж тэмдэглэдэг байх хэрэгтэй. Таны тооцоотой дансны хуулгын дүн таарахгүй тохиолдолд та банкнаас лавлаж асуугаарай.

Орлого, зарлагаа хэрхэн бүртгэх тухай зөвлөгөөг энд [Орлого, зарлагаа бүртгэх нь] дарж үзнэ үү.

Хэрэгцээ ба хүсэл

Хүн амьдрахын тулд зайлшгүй хэрэглэх шаардлагатай хэрэгцээт бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:

  • Эрүүл хүнс;
  • Цэвэр ус;
  • Хувцас;
  • Байр, орон сууц;
  • Тавилга;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээ (хэрэв та өвдвөл);
  • Цахилгаан, дулаан гэх мэт орно.

Мөн зайлшгүй шаардлагатай биш боловч хүмүүс худалдаж авахыг хүсдэг бусад нэр төрлийн бараа, үйлчилгээ бий. Үүнд:

  • Загварлаг хувцас, гутал;
  • Чихэр, шоколад;
  • Рестораны хоол;
  • Тоглоом;
  • Үнэт эдлэл;
  • Үзвэр, үйлчилгээ зэрэг хамаарна.

Үүнээс гадна нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүмүүс хэрэгцээ, шаардлагын улмаас, зарим нь хүссэн учраас худалдаж авдаг бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:

  • Машин (зарим хүмүүс ажилдаа очихын тулд машинаар явах зайлшгүй хэрэгцээтэй байдаг, зарим нь хэрэгцээний улмаас биш зүгээр хүссэн болохоор машин худалдан авдаг.)
  • Ухаалаг утас (зарим хүмүүс ажил хэргийн улмаас ухаалаг утас авах зайлшгүй хэрэгцээтэй болдог, зарим хүмүүс энгийн утсаар хэрэгцээгээ хангаж болох байсан хэдий ч ухаалаг утастай болохыг хүссэн учраас худалдан авдаг.)
  • Хувцас (хүн болгон хувцас өмсөх зайлшгүй хэрэгцээтэй боловч зарим хүмүүс бусдаас ялгарахын тулд загварлаг, үнэтэй хувцас авахыг хүсдэг.)

Хүн бүх хэрэгцээгээ хангаж чадахгүй байж болно. Мөн хүссэн бүх зүйлсээ авах боломжгүй байж болно. Хэрэгцээ, хүслийг нэг дор хангах бүр ч боломжгүй. Тиймээс хамгийн чухал, хэрэгцээт зүйлд  мөнгөө зарцуулах нь чухал.

Үүний тулд танд болон танай гэр бүлд юу чухал хэрэгтэй вэ, тэдгээрийг худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байгаа эсэхийг эхлээд тооцоолно. Хэрэгцээт зүйлсээ худалдан авсны дараа мөнгө үлдвэл хадгаламждаа хийх нь зөв. Хадгалсан мөнгөө ирээдүйн хэрэгцээнд (тооцоолоогүй зүйлс, тухайлбал, эмчилгээний зардал, гэнэтийн засвар үйлчилгээнд) зарцуулж болно. Харин хангалттай хэмжээний хуримтлалтай болсон бол үлдсэн мөнгөө өөрийн авахыг хүссэн  зүйлд зарцуулж болно.

Та орлого, зарлагаа зөв төлөвлөж, үр ашигтай зарцуулснаар [Мөнгөө зөв зохистой зарцуулах нь] их хэмжээний хуримтлалтай болох боломтой юм.

 

Мөнгөө зөв зохистой зарцуулах нь

Зөвхөн өөрийн санхүүгийн боломж, нөхцөл байдалдаа тохирсон зүйлсийг худалдаж авах нь чухал. Тэгэхгүй бол өөрийн болон гэр бүлийнхээ нэн чухал хэрэгцээтэй гэсэн зүйлсийг авч чадахгүй байх эрсдэлтэй. Иймээс танд болон таны гэр бүлд маш чухал хэрэгцээтэй гэсэн зүйлсийг урьдчилан тодорхойлох хэрэгтэй.  Энэ нь  танд хүсэлдээ хөтлөгдөн хэрэгцээгүй зүйлсийг худалдан авах эрсдэлээс сэргийлэхэд тусална

Хэрэгцээ ба хүсэл ямар ялгаатай болох талаарх зөвлөгөөг авахыг хүсвэл энд [Хэрэгцээ ба хүсэл] дарна уу.

Бараа, үйлчилгээний үнэ өөр, өөр байдаг. Бараа, үйлчилгээний үнэ нь тухайн барааны өртөг ба чанараас хамаарна (зарим тохиолдолд өөр бусад хүчин зүйлсээс, тухайлбал, машины үнэ нь тухайн машины хэрэглээний зардлаас зарим талаар хамааралтай.)

Боломжит сонголтуудыг хооронд нь харьцуулах (өөрөөр хэлбэл, дэлгүүрүүдээр орж судлагаа хийх) нь чухал. Дэлгүүр болон бусад нийлүүлэгчдийн үнийг харьцуулж, хамгийн сайн чанартай, боломжийн үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй. Өндөр үнэтэй барааны хувьд худалдан авалт хийхээсээ өмнө сайтар судалж, харьцуулалт хийх нь зүйтэй. Ингэснээр та боломжит сонголтууд хоорондоо чанар болон үнийн хувьд ямар ялгаатай болохыг ойлгоно.

САНАМЖ!

Боломжит сонголтуудыг хооронд нь харьцуулж судалснаар орлого, зарлагаа хамгийн ашигтай байлгахад тань тусладаг.

 

Хүнс болон бусад гэр ахуйн хэрэгцээний зүйлсийг зарим тохиолдолд бөөнөөр худалдан авах нь ойр, ойрхон бага хэмжээгээр худалдан авахаас илүү хямд тусдаг. Гэхдээ, тухайн барааг хэзээ, ямар хэмжээгээр авбал илүү ашигтай вэ? гэдгийг бодолцох хэрэгтэй. Жишээлбэл, тараг, сүү зэрэг чанараа түргэн алддаг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авбал  муудахаас нь өмнө хэрэглэж амжаагүйгээс үрэлгэн зардал гаргахад хүргэнэ.

Зардлаа хэрхэн хэмнэж болох талаар энд [Зардалаа хэмнэх нь] дарж зөвлөгөө авна уу.

Санхүүгийн бүртгэл хөтлөх нь

Зарцуулсан мөнгөө бичиж тэмдэглэх нь

Төсөв танд мөнгөө юунд зарцуулах талаар урьдчилан төлөвлөхөд тусална. Гэхдээ төсөв зохиохын тулд эхлээд бодит амьдрал дээр та мөнгөө юунд зарцуулж байгаагаа тодорхой хугацааны туршид (тухайлбал, 3 сар) бичиж тэмдэглэсэн байх нь чухал. Та мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглээрэй. Зарцуулсан төгрөг нэг бүрийг бүртгэх нь чухал бөгөөд  багахан хэмжээний худалдан авалтын дүнг сар, жилээр тооцоход их хэмжээнд  хүрсэн байдаг.

Төсөв хэрхэн зохиох талаар мэдэхийг хүсвэл энд [Төсөв зохиох нь] дарна уу.

Цалингаа зөв бодогдсон эсэхийг шалгах нь

Та авах цалингаа зөв бодогдсон  эсэхийг тооцож чаддаг байх нь зөв.  Хэрэв таны цалин буруу бодогдсон, эсвэл, үл ойлгогдох шалтгаанаар мөнгө суутгасан байвал ажил олгогчдоо мэдэгдэж, шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Дансны хуулгаа шалгах

Дансны хуулгыг тогтмол (сар болгон) авч байхыг банкнаасаа хүсэмжлэх хэрэгтэй. Дансны хуулган дээр дараах мэдээллүүд байдаг. Үүнд:

  • Таны дансанд тухайн өдөр байгаа мөнгөний хэмжээ;
  • Таны данснаас гарсан зарлага (интернетээр болон картаар хийсэн төлбөр, АТМ-с авсан бэлэн мөнгө);
  • Таны дансанд орсон мөнгө;
  • Дансны үлдэгдэлд тооцсон хүүний орлого;
  • Банкны хураамж, шимтгэлийн зардал (жишээлбэл, бэлэн мөнгөний машинаас мөнгө авах болон өөр дансанд мөнгө шилжүүлэхэд төлсөн хураамж).

Та дараах зүйлсийг бичиж тэмдэглэн, бүртгэл хөтлөх хэрэгтэй. Үүнд:

  • Картаар төлсөн төлбөрүүд;
  • АТМ-с авсан мөнгө;
  • Таны дансанд орсон мөнгө;
  • Интернетээр төлсөн төлбөрүүд (интернетээр төлсөн байр гэрлийн мөнгө, интернетээр хийсэн худалдан авалт; кредит; дебит картын гүйлгээ гэх мэт)

Та банкны шимтгэл, хураамжуудын талаар ойлголттой болж, банкинд төлж буй шимтгэл, хураамжуудыг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Жишээлбэл, дараах төрлийн шимтгэл, хураамжууд байж болно. Үүнд:

  • Карт эзэмшиж, ашигласаны төлбөр (сарын болон жилийн хураамж байж болно.);
  • АТМ-с бэлэн мөнгө авсны шимтгэл (та өөр банкны АТМ-с мөнгө авбал өөрийн үйлчлүүлдэг банкны АТМ-с мөнгө авснаас их хэмжээний шимтгэл төлнө.);
  • Гадаад оронд эсвэл гадаадын интернет дэлгүүрээс худалдан авалт хийх үеийн валют солилцооны шимтгэл.

Дансны болон кредит картын хуулгаа авах бүртээ шалгаж үзээрэй. Хэрэв алдаатай байвал, эсвэл, үл ойлгогдох шимтгэл, хураамж авсан байвал харилцагч банкиндаа даруй мэдэгдэх хэрэгтэй.

Хэрэв алдаатай байвал, банк алдаа гаргасан байж болно. Мөн зальт этгээдүүдийн үйлдэл ч байж болно. Тиймээс банкны болон кредит картынхаа хуулгыг цаг алдалгүй шалгах нь чухал. Хэрэв зальт этгээдүүдэд мөнгөө алдсан гэж үзвэл банкиндаа даруй мэдэгдэх хэрэгтэй бөгөөд цаашид мөнгөө алдахгүй байх арга хэмжээг авахад тань банк тусална.

Залилангийн эрсдэлээс сэргийлэх талаар  зөвлөгөө авахыг хүсвэл энд [Залиланг хэрхэн таних вэ?] дарж үзнэ үү.

 Зальт этгээдүүдэд мэхлүүлсэн гэж үзвэл юу хийх хэрэгтэй талаарх зөвлөгөөг энд [Зальт этгээдүүдэд мэхлүүлсэн бол юу хийх хэрэгтэй вэ?] дарж үзнэ үү. 

 

Бусад санхүүгийн тооцооллыг шалгаж үзэх

Бусад санхүүгийн тооцооллыг шалгаж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, даатгалын компаниас ирэх, эсвэл, тэтгэврийн мөнгөний тооцооллыг шалгах хэрэгтэй. Хэрэв тооцоолол алдаатай, үл ойлгогдох шимтгэл, хураамж авсан байвал тухайн мэдээлэл өгсөн байгууллагад даруй мэдэгдэх хэрэгтэй.

Зардлаа хэмнэх

Хоол хүнсээ худалдаж авахаас эхлээд зурагт худалдаж авах гэх зэрэгт мөнгөө хэрхэн үр ашигтай зарцуулахад тань туслах зарим энгийн зөвлөмжийг энд дурдлаа. Та мөнгөө юунд зарцуулж буйгаа хянах хэрэгтэй

Нэгдүгээрт, та мөнгөө юунд зарцуулж буйгаа нягтлаарай. Үүний тулд төсөв гаргаж, төсөвтөө багтаан худалдан авалт хийх аргыг ашиглах нь зүйтэй. Төсөв нь таны орлого (жишээлбэл, цалин) болон мөнгөө юунд зарцуулж буйг харуулна. Та зөвхөн хувийн, эсвэл өрхийн төсөв гаргаж болно.  Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр, боломжтой үедээ хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглээрэй.

Үүнийг хэрэгжүүлэхэд туслах бидний зааврыг эндээс [төсөв гаргах руу орох линк] үзээд санаа аваарай.

Судалгаа хийж харьцуулах

Хамгийн бага үнийг санал болгож буй газрыг олохын тулд дэлгүүр, захуудад тухайн зүйл ямар үнэтэй байгааг судалж үзээрэй. Нэг бараа бүтээгдэхүүн нэг дэлгүүрт үнэтэй байхад нөгөө дэлгүүрт хямд байж болно.

Онцгой үнийн санал

Онцгой хямдрал, үнийн санал байгаа эсэхийг судлаарай. Жишээлбэл, таны худалдан авахыг хүсч байсан зүйл нэг дэлгүүрт, хоёрын үнээр гурвыг авч болно гэх мэт онцгой хямдралтай байж болно. Дэлгүүрүүд хямдрал зарласан үед хувцас, гэр ахуйн хэрэгсэл худалдан авбал та тэднийг харьцангуй хямд үнээр авах боломжтой. Гэхдээ худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ ашиглана гэж итгэл төгс байгаа үедээ л тухайн онцгой хямдралаар худалдан аваарай. Хэрэглэхгүй, ашиглахгүй зүйлээ хямд үнээр ч гэсэн худалдан авахгүй байх нь зүйтэй. 

Хөнгөлөлтийн карт эсвэл үнэнч хэрэглэгчдэд зориулсан лояалти карт зэргийг ашиглах нь таны төлөх төлбөрийн хэмжээг бууруулна.

Зарим зүйлийг онцгой хямдралтай үнээр борлуулдаг, эсвэл дэлгүүр, компаниудын барааг хямдралтай үнээр борлуулж сурталчилдаг. Фейсбүүкийн групп, мэдээ мэдээллийн цахим хуудсууд байдаг.

Үнэтэй зүйл худалдаж авах

Хэрэв та машин, эсвэл зурагт гэх мэт үнэтэй зүйл худалдан авахаар төлөвлөж байгаа бол хэрэглэгчид, хөндлөнгийн шинжээчид тухайн барааны төрөл бүрийн загвар, брэндийн талаар хэрхэн үнэлж дүгнэснийг үзэж танилцсаны дараа шийдвэрээ гаргаарай. Хамгийн боломжит үнийг санал болгож буй дэлгүүр, үйлчилгээний газруудыг олохын тулд тэдгээрийн үнийг ямагт харьцуулж үзээрэй. Таны худалдан авалттай холбоотой бусад зардлыг асууж мэдэж аваарай. Тухайлбал, зарим дэлгүүр хүргэлтийн хөлс авдаг. 

 

Та хуучин эд зүйлээ цахим хуудсаар болон сонинд үнэгүй зар байршуулах замаар борлуулж болно. Төмрөөр хийгдсэн эд зүйлийг төмрийн хаягдлын төвд худалдаж болно.

 

Хэрэв та интернетэд холбогдох боломжтой бол тухайн барааны дэлгүүрт зарагдаж буй барааны үнийг зарим нэр хүндтэй онлайн жижиглэнгийн худалдааны үнэтэй харьцуулж үзээрэй.

 

Үнэтэй эд зүйлд татагдан худалдан авч болохгүй. Та дараа нь харамсаж магадгүй. Эхлээд сайн судлаарай.

ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЗӨВЛӨМЖҮҮД

  • Хямдрал, онцгой үнийн санал байгаа эсэхийг үзээрэй. Зарим дэлгүүр хаахаасаа өмнө бараагаа хямд үнээр худалддаг.
  • Хэрэв та гар утастай бол шинэ хувилбар гармагц худалдан авах гэж бүү яар. Утсаа ашиглах боломжгүй болтол хэрэглээрэй.
  • Өлссөн үедээ хүнс худалдаж авахгүй байх. Энэ нь таныг хэрэгцээнээсээ их худалдан авалт хийхэд хүргэдэг.
  • Авах зүйлийнхээ жагсаалтыг гаргаад, түүнийхээ дагуу худалдаж авах. Аливаа зүйлийг хүсэлдээ хөтлөгдөн худалдаж авахаас зайлсхийх.
  • Тухайн дэлгүүрийн өөрийнх нь брэндийг үзээрэй. Ерөнхийдөө харьцангуй хямд ба боломжийн чанартай байдаг.
  • Дэлгүүрүүдийн хямдралыг судлаарай (жишээ нь, улирлын эцсийн хямдрал)

 

МӨНГӨӨ ХЭМНЭХ БУСАД АРГУУД

  • Зурагтаа залгуураар нь салгах; Хэрэв “stand-by” байвал цахилгаан ашигласаар байдаг.
  • Ашиглаагүй үедээ гэрлээ унтраах;
  • Усаа хий гоожуулахгүй байх;

Хүүхдэдээ мөнгөний талаар зааж, сургах

Хүүхэддээ мөнгөний тухай заан сургаж, мөнгийг хэрхэн захиран зарцуулах зөв дадал, хариуцлагатай хандлага төлөвшүүлэхэд туслах нь хүүхдийн хувь хүний хөгжил төлөвшилтөд маш чухал. Хэрхэн төсөв зохиох, зарцуулах, хэмнэх гэх мэт суурь ухагдахууны талаар ойлгоход хүүхдэдээ туслах нь тэдний амьдралд мөнгөтэй харьцах зөв дадлыг эзэмшүүлэхэд тусална. Мөнгөний талаар хүүхэддээ хэзээнээс зааж эхлэх вэ?

Бодит амьдралын жишээ ашиглан мөнгөний тухай ярих нь амьдралд ойр, ойлгоход хялбар байх болно. Та мөнгөний тухай дараах зүйлсийг ярьж ойлгуулах гээд үзээрэй. Үүнд:

  • Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газраар явж байхдаа: Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газраар явж байхдаа ижил бүтээгдэхүүний үнэ бусад газарт өөр байж болох учраас хамгийн боломжийн үнээр бүтээгдэхүүн авахын тулд үнийн судалгаа харьцуулалт хийх нь зүйтэй тухай тайлбарлаж, ойлгуулах;
  • Хэрэглээний (xалаасны) мөнгө өгөхдөө: Хэрэглээний мөнгө авч, зарцуулж сурснаар хүүхэд мөнгөний үнэ цэнийг ойлгоход тусална.
  • Хэмнэж, хуримтлуулах талаар. Хүүхдээ тодорхой зорилготойгоор (жишээ нь, тоглоом, эсвэл гэр бүлийн гишүүн, найздаа төрсөн өдрийн бэлэг авах) гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад зориулан зарим мөнгөө хэмнэж хуримтлуулахыг нь дэмжих хэрэгтэй. Энэ нь тэдэнд насанд хүрсэн хойноо амьдралынхаа туршид мөнгө хэмнэж хуримтлуулах дадлыг хэвшүүлэхэд тусална.
  • ATM буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа: АТМ буюу бэлэн мөнгөний машин нь таны шаргуу хөдөлмөрлөж, хичээж хуримтлуулсан мөнгийг хадгалж байдаг машин гэж хүүхдэдээ тайлбарлаарай. Тухайн мөнгийг ажил хийж шаргуу хөдөлмөрлөхгүйгээр энэ машинаас авч чадахгүй гэж хэлээрэй. Мөнгөө гаргаж авбал дансанд чинь дараа зарцуулах бага мөнгө үлдэнэ гэдгийг ойлгуулаарай.
  • Төсөв зохиохдоо: Өрхийн төсвийн талаар хүүхэдтэйгээ ярилцах нь гэр бүлийн амьдралын өртөг зардлын талаар хүүхэд ойлгоход тусална.
  • Ашиглалтын зардал төлөхдөө: Ашиглалтын зардлын нэхэмжлэхээ хүлээн авсны дараа (жишээ нь, цахилгаан эрчим хүч ашигласны) төлбөр төлдөг учраас үргүй зардал гаргахгүй байх талаар (жишээ нь, ашиглаагүй үедээ гэрлээ унтрааж байх гэх мэт) тайлбарлаарай. Ашиглалтын зардлаа төлөх мөнгө олохын тулд та хэдэн өдөр ажиллах ёстойгоо тэдэнд тайлбарлаарай.
Хүүхэддээ юу заах вэ?

Насны онцлогоос нь шалтгаалан дараах зүйлсийг хүүхдэдээ зааж болох юм. Үүнд:

  • Сургуулийн өмнөх насны хүүхдэд:
  • Аливаа зүйлийг худалдан авахын тулд мөнгө хэрэгтэй.
  • Мөнгө нь үнэ цэнийн хувьд ялгаатай зоосон ба цаасан дэвсгэрт юм.
  • Ажил хийж мөнгө олдог
  • Хэрэгтэй зүйл, хүсч буй зүйл хоёрын хооронд ялгаа байдаг.
  • Бага ангийн хүүхдэд:
  • Мөнгөө юунд зарцуулахаа хүн өөрөө сонгодог.
  • Аливаа зүйлийг худалдан авахаас өмнө үнийг харьцуулж судлах нь зөв дадал хэвшил мөн.
  • Мөнгө хэмнэвэл цаашид хэрэгтэй зүйлээ авах боломжтой болно.
  • Ахлах сургуулийн хүүхдэд:
    • Зээл авснаас байгаа мөнгөөрөө аливаа зүйлийг худалдан авах нь дээр.
    • Зээлсэн мөнгөө хүүний хамт эргүүлэн төлөх ёстой.
    • Тодорхой зүйл худалдан авах болон мөнгөний гэнэтийн хэрэгцээ шаардлагын үед ашиглахаар мөнгө хадгалж хуримтлуулах нь зүйтэй.
    • Ашиглалтын зардлыг өндөр гаргахгүйн тулд гар утасны хэрэглээгээ хянах хэрэгтэй.
    • Төсөв зохиож, хэрэгжүүлэх нь мөнгөө зөв захиран зарцуулахад тусалдаг.
    • Мөнгөө юунд зарцуулснаа хянах нь чухал.
    • Онлайн худалдаа хийхдээ болгоомжтой байх, хувийн мэдээллээ онлайнаар өгч хэрхэвч болохгүй.
Хүүхэдтэйгээ хамт хийж болох зүйл

Мөнгөний талаар ойлгож, илүү мэдлэгтэй болоход нь туслахын тулд та хүүхэдтэйгээ хамт хийж болох олон үйл ажиллагаа бий. Тухайлбал:

  • Зоос, мөнгөн дэвсгэртийг таньж тоолох: Хүүхдэдээ бүх мөнгөн дэвсгэрт, зоосны үнэ цэнийг ойлгуулахын тулд төрөл бүрийн мөнгөн дэвсгэрт, зоос ашиглан мөнгө тоолох;
  • Хэрэгцээ ба хүсэл: Төлөвлөөгүй худалдан авалт хийхээс зайлсхийх хэрэгтэйг хүүхдэдээ ойлгуулах, мөнгөөрөө аливаа зүйлийг худалдан авахаасаа өмнө тухайн зүйл үнэхээр хэрэгтэй юу? гэж асуух. Хэрэгцээ ба хүсэл гэсэн ухагдахууны ялгааг ярилцаж, мөнгөө аливаа зүйлд зарцуулахаасаа өмнө энэ талаар бодож байхыг хүүхэддээ зөвлөх;
  • Дэлгүүрээс авах зүйлийн жагсаалт гаргах: Дэлгүүрээс худалдан авах хэрэгтэй зүйлсийн жагсаалт гаргахдаа хүүхдээрээ туслуулах;
  • Үнэ харьцуулж судлах: Гэрт хэрэгтэй зүйл хаана ямар үнэтэй байгааг судалж үнийг харьцуулахад хүүхдээрээ туслуулах;
  • Хадгаламж, хуримтлалын зорилго: Халаасны мөнгөөрөө авч хүрэхгүй боловч хүүхэд чинь авахыг хүсч буй зүйлийн талаар ярилцаарай. Бүх мөнгөө, эсвэл халаасны мөнгөний талыг, эсвэл дөрөвний нэгийг хэмнэвэл ямар хугацаанд тухайн зүйлийг худалдан авах мөнгөтэй болох тооцоо гаргахад нь хүүхдэдээ туслаарай. Хадгаламж, хуримтлалын зорилго дэвшүүлж түүндээ хүрэхийн тулд мөнгөө хуримтлуулж сургахад хүүхдэдээ туслах хэрэгтэй. (жишээ нь, том цаасан дээр хуримтлалынхаа явцыг зургаар харуулан өнгөөр будаж болно);
  • Арга хэмжээг төлөвлөх: Гадуур арга хэмжээ зохион байгуулах, төрсөн өдрийн үзэшлэг зохион байгуулах төлөвлөгөө гаргах, төсөв зохиоход хүүхдээ оролцуулах;
  • Онлайнаар аюулгүй худалдаа хийх: Онлайнаар аюулгүй худалдаа хийх, онлайн луйвар, цахим халдлагыг хэрхэн таних талаар хүүхэддээ ойлгуулах;
  • Гар утас ашиглах: Хэрэв таны хүүхэд гар утас ашигладаг бол гар утасныхаа зардлыг хэрхэн хэмнэж, үргүй зардал гарахаас сэргийлэх тухай зааж зөвлөөрэй. Түүнчлэн гар утас ашиглалтын гэрээний нөхцөлийг сонгохдоо хүүхдээ татан оролцуулах нь зүйтэй.

Залуучууд

Хэрэв та залуу хүн бол олон зүйл таны хувьд анхны туршлага, сургамж болж байгаа. Тухайлбал ажилд орох, анхныхаа машиныг худалдан авах, өөрийн гэсэн орон байранд нүүж орох гэх мэт. Ийм үед та алдаа гаргах нь элбэг байдаг. Эдгээр алдаа танд маш үнэтэй тусах нь бий.

Мөнгөтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад танд туслах зөвлөмжийг эндээс уншина уу.

Төсөв гаргах

Төсөв гаргах нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд танд тусална.

 

Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, таны ажиллаад авч буй цалин) болон зарлагатай гэдгээ тооцож эхлэх нь зүйтэй. Долоо хоногоор төсөв гаргах гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв зохиох гэж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно.

 

Төсөв хэрхэн гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс [Төсөв гаргах] үзнэ үү.

Орлого, зарлагаа бүртгэх

Төсөв нь танд мөнгөө юунд зарцуулж болох  талаар урьдчилан төлөвлөхөд дөхөм үзүүлдэг. Гэхдээ таны мөнгө бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг бичиж тэмдэглэх нь чухал. Тэгэхээр мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал – Зарцуулсан Төгрөг нэг бүр чухал бөгөөд багахан мөнгөний худалдан авалтуудыг сар, жилээр тооцоход их болж нэмэгддэг.

 

Тэмдэглэлийн дэвтэр,  тооцоолол хийдэг хүснэгт, компьютерийн программ зэргийг ашиглаж орлого, зарлагаа бичиж тэмдэглэх хэрэгтэй. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр бүртгэл хөтлөөрэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй.

 

Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх

Гэр бүл, найз нөхдийн төрсөн өдөр, баяр, гэртээ үнэтэй эд зүйл худалдан авах гэх мэт төлөвлөөгүй зардал гаргах түүнчлэн гэнэтийн яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарсан үед төлбөр төлбөх чадвартай байхын тулд тодорхой хэмжээний мөнгийг хадгаламждаа хуримтлуулж хадгалах хэрэгтэй. 

 

Хадгаламж танд тараах байдлаар тусална. Үүнд:

  • Мөнгөө захиран зарцуулах;
  • Гэнэтийн зардал, яаралтай мөнгөний хэрэгцээг шийдэх;
  • Ирээдүйд хэрэгтэй зүйлээ худалдан авах чадвартай болох;
  • Аль болох бага зээл авах;
  • Санхүүгийн хувьд санаа бага зовох гэх мэт.

 

Ирээдүйдээ зориулан хэрхэн хуримтлал үүсгэх, яагаад хуримтлал, хадгаламж хэрэгтэй тухай зөвлөмжийг эндээс [Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай болох нь] үзнэ үү.

Зээл авах

Та үнэхээр мөнгө зээлэх шаардлагатай эсэхээ тодруулахад туслах зөвлөмжийг эндээс [Зээлэхээс өмнө руу орох линк] дарж үзнэ уу.

 

Хэрэв та зээл авахаар шийдсэн бол таны хэрэгцээнд тохирсон, та эргүүлэн төлж чадахуйц зээлийг хэрхэн сонгох тухай зөвлөмжийг эндээс [Өөртөө тохирсон зээл сонгох уруу орох линк] үзнэ үү.

 

Зээлээ ямар дарааллаар төлбөл хамгийн тохиромжтой болох, ээлээ буцааж төлөхөд хүндрэлтэй байгаа тохиолдолд юу хийх тухай зөвлөмжийг эндээс [Өөрийн өрийг хянах руу орох линк] үзнэ үү.

Харилцах данс нээх

Банкинд харилцах данс нээх нь зүйтэй. Харилцах данс нээснээр та:

Харилцах дансыг та дараах гүйлгээнд ашиглаж болно. Үүнд: 

  • Өөрийн дансаар төлбөр хүлээн авах;
  • Өөрийн данс руу чекээр төлбөр хийх;
  • Дебит карт ашиглан АТМ-с бэлэн мөнгө авах;
  • Дебит картаа ашиглан бараа үйлчилгээний төлбөр хийх;
  • Төлбөр төлөх захиалгат шилжүүлгийн үйлчилгээ нээлгэx;
  • Төлбөр төлөх болон хувь хүмүүст мөнгө шилжүүлэхийн тулд чек бичиx;
  • Телефон болон цахим банкны үйлчилгээг ашиглан мөнгө шилжүүлэх;
  • Дансанд байгаа мөнгөнөөс илүү их хэмжээний мөнгийг тохиролцсон хэмжээнд зарцуулах овердравт эрх нээлгүүлэх боломжтой болно.

 

Харилцах дансны тухай дэлгэрэнгүйг эндээс [Харилцах данс] үзнэ үү

Хувийн эд хөрөнгийн даатгал

Өөрийгөө ямар нэг эрсдэлээс хамгаалахын тулд даатгуулах хэрэгтэй. Жишээ нь, таны эзэмшдэг эд зүйлс хулгайлагдах, эвдэрч гэмтэн хохирол учрахаас сэргийлж даатгуулах талаар бодоорой. Даатгалын тухай дэлгэрэнгүйг эндээс [Даатгал] үзнэ үү.

Хэрэв та оюутан бол

Хэрэв та оюутан бол танд хэрэгтэй зөвлөгөөг эндээс [Оюутны амьдрал] үзнэ үү.

Ажилд орох

Хэрэв та ажил хийдэггүй бол ямар ажилд орохыг хүсч буй талаараа бодоорой. Ажилд хэрхэн орох тухай зөвлөмжийг эндээс [Ажил хайх], CV буюу анкет танилцуулгаа хэрхэн бичих тухай зөвлөмжийг эндээс [CV бичих] үзнэ үү.

 

Машин худалдаж авах

Машин худалдаж авахаасаа өмнө та дараах зүйлийн талаар бодоорой. Үүнд:

  • Машин худалдан авч, эзэмшихэд гарах зардал;
  • Машин худалдан авахын тулд мөнгө хуримтлуулах;
  • Зээл авах шаардлагатай эсэх;
  • Ямар даатгалд даатгуулах гэх мэт.

 

Эдгээр асуудлын талаарх зөвлөмжийг эндээс [Машин худалдан авах руу орох линк] үзнэ үү.

Өөрийн гэсэн байранд нүүж орох

Ганцаараа тусдаа гарч амьдрахад тохиромжтой үе хүн бүрийн хувьд өөр байдаг. Зарим хүмүүс ийм боломж олдмогц тусдаа гарч амьдардаг. Зарим нь түр хүлээхийг илүүд үздэг.

 

Ямар ч шийдвэр гаргасан өөрийн гэсэн орон байр эрж хайхаасаа өмнө бодох ёстой зарим зүйлийн талаар дэлгэрэнгүйг эндээс [Анх удаа бие даан амьдрах руу орох линк] үзнэ үү. 

 

Мөнгөө хэрхэн удирдах гарын авлага
Өрхийн төсөв

Холбоотой зөвлөгөө