ХҮН БҮРИЙН МЭДҮҮШТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН 5 НОБЕЛИЙН ШАГНАЛ
  • Share : 8
  • Уншсан : 358
  • 10 сарын 27

 

Эдийн засгийн ухаанд хувьсгал хийн, хүн төрөлхтний хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан нээлтүүдэд Алфред Нобелийн нэрэмжит шагналыг 1969 онд анх гардуулдаг болсноос хойш 44 удаагийн ёслолоор нийт 78 шагналтан тодроод байна. Тэр дундаас бидний өдөр тутмын амьдралд маш их хэрэг болох, хэвлэл мэдээллээр байнга яригддаг эдийн засгийн онолуудыг тоймлон хүргэж байна.

1.    Нийтийн нөөцийг удирдах тухай (Management of Common Pool Resources)

2009 онд Элинор Остром “нөөц баялгийн удирдлага, тэр дундаа нийтийн нөөцийн удирдлагын талаар хийсэн шинжилгээ”-нийхээ үр дүнд Нобелийн шагнал хүртсэнээр анхны Нобелийн шагналт эмэгтэй эдийн засагч болсон юм. Түүний судалгааны ажлын гол үр дүн нь усны нөөц, зэрлэг ан амьтан, бэлчээр зэрэг хязгаарлагдмал нөөцийг хамтын өмчлөлийн хэлбэрээр оновчтой удирдаж болохыг нотолсонд оршдог. Тэрээр хүмүүс нийтийн нөөцийг хувааж ашиглах үед "Нийтийн өмчийн эмгэнэл" заавал тохиолдох албагүй гэдгийг баталсан юм. Анх АНУ-ын экологич Хардины зохиосон тус онолоор бол олон хүн хамтарч эзэмших үед нийтийн нөөц хэт их ашиглагдсанаас болж шавхагдан, улмаар бүгд хохирч үлдэх тул төрийн эзэмшилд байлгах, эсвэл хувийн эзэмшилд хуваарилж өгөх нь зүйтэй гэж үздэг байв. “Нийтийн өмчийн эмгэнэл” нь нийтийн өмчийг ашиглах үед хувь хүмүүс өөрийн ашиг хонжоог хамгийн их байлгахыг зорьдог тул дараагийн хүнд ногдох ашгийг үлэмж хэмжээгээр бууруулдаг болохыг тайлбарладаг. Харин Остромын судалгаанд нийтийн нөөцийг ашиглаж байгаа этгээдүүд нь нэгнийгээ таньдаг, тухайн нөөцтэй газар нутгийн ойр хавьд амьдардаг бол төр засгийн оролцоо, хяналтгүйгээр нөөцийг үр ашигтайгаар удирдаж болохыг харуулжээ. Учир нь төр засаг болон хөндлөнгийн этгээдүүд нь тухайн газар нутгийн соёл, нөхцөл байдал, хэм хэмжээг сайн ойлгож мэдэрдэггүйн улмаас нийтийн нөөцийг зохимжтой ашиглаж, удирдахдаа тааруу байдаг байна. Харин тухайн газар нутагт оршин суудаг хүмүүс нь нөөц ашиглалтад хандахдаа өөртөө болон бусад оролцогч нарт өндөр хяналт тавьж, ёс дүрэм мөрдөж байгаа эсэх дээр анхаарч ажиллаж чаддаг байна.

2.    Зан төлөвийн эдийн засаг (Behavioral Economics)

2002 оны Нобелийн шагналыг сэтгэл судлаач Даниел Канеманд “тодорхой бус нөхцөл байдалд хүний гаргадаг дүгнэлт, шийдвэрийн талаар судалж, сэтгэлзүйн ухааны мэдлэгийг эдийн засгийн ухаанд нэгтгэсэн” амжилтынх нь төлөө өгсөн юм.  

Тэрээр ханамжаа хамгийн их байлгахын тулд хүмүүс үргэлж хувийн ашиг сонирхлоо хөөн, рациональ шийдвэр гаргах албагүй гэдгийг харуулснаар “хүн бол рациональ” гэж үздэг эдийн засгийн суурь ойлголтыг эвдсэн юм. Энэ нь зан төлөвийн санхүү, зан төлөвийн эдийн засгийн ухаан гэж нэрлэгдэх болсон шинэ салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлжээ. Канеман судалгаагаа Амос Тверскитэй хамтарч хийсэн боловч Тверски 1996 онд нас барсан учир шагналыг ганцаар хүртсэн байдаг.

Хүмүүсийн сэтгэхүйн алдаа нь буруу эргэцүүлэл хийн рациональ бус шийдвэр гаргах шалтгаан болдог гэдгийг эдгээр эрдэмтэд харуулсан юм. Тухайлбал, хүмүүс дүгнэлт хийхдээ тухайн асуудалд хамааралгүй мэдээлэл ашиглах (“Anchoring effect”), хэт өөдрөгөөр төлөвлөн тухайн ажилд шаардлагатай цагийг багаар тооцох (“Planning fallacy”), өөрөөс хамаарахгүй хүчин зүйлсийг удирдаж чадна гэж итгэх (“Illussion of control”) зэрэг нь сэтгэхүйн алдаа юм. Канеман ба Тверскигийн бичсэн “Проспектийн онол: Эрсдэл дунд гаргах шийдвэрийг шинжлэх нь” судалгааны ажил нь өнөөдөр эдийн засгийн сэтгүүлүүдэд хамгийн ихээр ишлэгддэг бүтээл болжээ. Шагнал хүртсэн “Проспектийн онол” нь хүмүүс тодорхойгүй нөхцөл байдалд хэрхэн шийдвэр гаргадгийг тайлбарладаг. Хүмүүс логик бус харин сэтгэл хөдлөл, хандлага, үнэлэмж, дурсамж дээр үндэслэсэн иррациональ шийдвэр гаргах нь түгээмэл. Жишээ нь, хүмүүс бид хямд зүйл худалдаж авахдаа хэмнэхийг оролдож буй яг тэр мөнгөн дүнгээ үнэтэй зүйл худалдаж авах үедээ хэмнэхийг боддоггүй байна.

Түүнчлэн, Канеман болон Тверски нар хүмүүс ихэнхдээ магадлалын хуультай зөрчилтэй дүгнэлт хийх хандлагатай байдгийг ч харуулжээ. Тухайлбал нэг эмэгтэйг ялгаварлан гадуурхалтын талаар санаа зовж явдаг гэж танилцуулаад, тухайн эмэгтэй “Зүгээр л банкны теллер үү?”, эсвэл “Феминист активист теллер үү?” гэж асуухад 2 дахь нь гэж хариулах хүн олон. Уул нь магадлалын онолоор бол тэр эмэгтэй зүгээр л банкны теллер байх боломж нь хамаагүй өндөр юм.

3.    Мэдээллийн тэгш бус байдал (Asymmetric Information)

2001 оны Нобелийн шагналыг Жорж Акерлоф, А.Майкл Спенс, Жозеф Э.Стиглиц нар “зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлыг судалсныхаа төлөө” хүртсэн байна. Бодит байдал дээр мэдээллийн тэгш бус байдал буюу арилжаанд оролцогч 2 талын нэг нь илүү, харин нөгөө нь дутуу мэдээлэлтэй байдаг тул төгс мэдээлэл дээр үндэслэсэн эдийн засгийн загвар алдаатай гэдгийг тэд харуулжээ.

Мэдээллийн тэгш бус байдлын талаарх ойлголт нь зах зээл хэрхэн  ажилладаг механизмийг илүү нарийн тайлбарлахын зэрэгцээ, компаниудын мэдээлэл ил тод байх нь хэр зэрэг чухал болохыг бидэнд ойлгуулсан юм. Акерлофын хувьд, хуучин машины зах зээл дээр мэдээллийн тэгш бус байдал нь зах зээл дээр зөвхөн муу машин үлдэх шалтгаан болдгийг тайлбарласан байдаг. Зарах машиныхаа чанарыг сайн мэдэж буй  худалдагч машинаа бага үнээр зарахгүй. Харин худалдан авагч чанарыг нь сайн мэдэхгүй машиныг өндөр үнээр авахгүй. Иймд зөвхөн бага үнээр зарагдах муу машин л зах дээр үлдэж, хийгдэх худалдааны цар хүрээ эрс хумигдах эрсдэлтэй. Үүнийг тайлбарласан “Нимбэгний зах зээл: Чанарын тодорхойгүй байдал ба зах зээлийн механизм” нэртэй судалгааны ажил нь Акерлофыг Нобелийн шагнал хамтран эзэмшигч болгосон юм.  

Харин Спенсийн судалгаа нь зах зээл дээрх мэдээлэл сайтай оролцогчид бусаддаа  мэдээллээ хэрхэн дамжуулах буюу дохио өгөх (сигнал) гэдэг сэдэв дээр төвлөрсөн. Жишээ нь, ажил хайж буй хүмүүс өөрийнхөө бүтээмжийн дохио болгож ажил олгогчдод боловсролын түвшнээ (диплом) үзүүлдэг. Компаниудын хувьд, хөрөнгө оруулагч нартаа тарааж буй ногдол ашиг нь ашигт ажиллагааны дохио гэж ойлгож болох юм.

Стиглиц болохоор даатгалын компаниуд хураамж (премиум) болон даатгалын тохиолдол гарах үед харилцагч өөрөө төлөх зардал (дидактибл) зэргийг ногдуулах замаар даатгуулагчдын хэн нь өндөр эрсдэл, их зардалтайг ялгах боломжтойг харуулсан.

Эдгээр ойлголтууд нь өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд байдаг ердийн зүйлс болсон хэдий ч, анх боловсруулагдаж байх үедээ хувьсгал хийсэн цоо шинэ санаанууд байсан юм.

4.    Тоглоомын онол (Game Theory)

1994 оны эдийн засгийн Нобелийн шагналыг Жон Харсани, Жон Нэш, Рейнхард Зельтен нар тоглоомын онолд оруулсан чухал хувь нэмрийнхээ төлөө хүртсэн байна. Тэд хүмүүс хоорондын харилцан үйл хөдлөлийн стратегийг судалдаг “Tоглоомын онол”-ын нэг гол бүрэлдэхүүн болох “Харилцан тохиролцоогүй тоглоом” буюу оролцогч талууд нь бие биенийхээ хийх үйлдлийг мэдэхгүй, зөвхөн таамаглал дээр суурилан өөрийн хариу үйлдлээ тооцоолох үед бий болдог үр дүнгийн талаар судалжээ.

Нэшийн оруулсан гол хувь нэмэр нь “Нэшийн тэнцвэр” гэж нэрлэгддэг бөгөөд 1950 онд Принстоны их сургуульд байхдаа бичсэн дипломын ажилд нь томъёологдсон онол юм. Ердөө 21 настайдаа бичсэн 27 хуудас энэхүү бүтээлд хоёр тоглогчтой тоглоом болон тэг нийлбэрт тоглоомын талаарх судалгааг өргөжүүлсэн юм. Хожим нь түүний судалгаан дээр тулгуурлаад Зельтен болон Харсани нар динамик стратеги, бүрэн бус мэдээлэлтэй үеийн тохиолдлыг нэмж судалснаар Мэдээллийн эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулжээ. Өдгөө тэдний судалгаа нь олигополь, өрсөлдөөн, фирмүүдийн үйл хөдлөл гэх мэт эдийн засгийн судалгаанд өргөн ашиглагддаг бөгөөд олон шинэ чиглэлийн судалгааны үндэс суурь нь болсон байна.  

5.    Нийтийн сонголтын онол (Public Choice Theory)

Жеймс М. Бьюкенен “Эдийн засгийн, улстөрийн шийдвэр гаргалтын онолд гэрээний болон хуулийн тулгуурыг хөгжүүлсэн” тул 1986 онд эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг хүртжээ. Төрийн өндөр албан тушаалтнууд (улс төрчид, эрх мэдэлтнүүд г.м.) хэрхэн шийдвэр гаргадгийг улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн ухааны мэдлэгийг хавсарган тайлбарласан нь түүний гол хувь нэмэр байсан юм. Бьюкенен улстөрчид, бюрократууд нийтийн эрх ашгийн төлөө бус, харин яг л хувийн хэвшлийнхний нэгэн адил өөрийн ашиг сонирхлын төлөө зүтгэдэг гэдгийг харуулсан юм. Нийтийн сонголтын онолоо тэрээр “Романсгүй улстөр” гэж ч нэрлэдэг.

Улстөрийн процесс, хүний араншин, чөлөөт зах зээлийн талаарх Бьюкенений өнцгийг ашиглаад улстөрчдийн инсентив, сонирхлыг илүү сайн ойлгож, улмаар улстөрийн шийдвэрийн үр дүнг илүү сайн таамаглах бололцоотой юм. Тэгэхээр, нийтийн эрх ашигт нийцтэй, сайн үр дүнд хүргэх шийдвэр гардаг байхаар  хайрцаг буюу дүрмүүдийг боловсруулах боломжийг бидэнд олгож буй.

Жишээ нь, засгийн газрын зарим зардалд хязгаар тавих заалтыг үндсэн хууль гэх мэт суурь дүрмэндээ оруулснаар, төсвийн алдагдлыг бууруулж татварын дарамтыг багасган улмаар нийтийн эрх ашгийг хамгаалах боломжтой. Учир нь төсвөөс санхүүжиж байгаа хөтөлбөрүүд сонгогчдоос оноо авах хэрэгсэл нь болдог учраас аливаа орны улстөрчид төсвийн зардлыг өсгөх, алдагдлыг ихэсгэх хандлагатай байдаг юм.

Бьюкенений Нобелийн шагнал хүртсэн энэхүү онолыг 1962 онд Г.Таллоктой хамтран хэвлүүлсэн "The Calculus of Consent: Logical Foundations of Constitutional Democracy" номноос унших боломжтой.

Эх сурвалж: Investopedia

Тоймлосон: Н.Батжин (Монголбанкны ОНБМТ)

Холбоотой зөвлөгөө